Хүүхэлдэйн киноны Metro-Goldwyn-Mayer тасгийн бүтээгдэхүүн борлуулалт муудсанаас 1930-аад оны сүүлчээр уналтын байдалд оржээ. Тасгийн дарга, продюсер Рудольф Айзинг шинээр төсөл боловсруулсан бөгөөд түүний хайж байсан дүрүүдийнх нь хэлбэр маяг Микки Маус болон Багз Баннитай өрсөлдөхүйц байх ёстой байлаа. Зураач Уильям Ханна, Жозеф Барбера нар түүний даалгавраар муур, хулгана хоёрын тухай хүүхэлдэйн кино бүтээхээр ажиллаж эхлэв. Мөнхөд дайсагнагч муур-хулганы тухай ээлжит киног хэн ч сонирхохгүй гэсэн сэтгэгдэл тэр үед давамгайлж байснаас энэ санаа хүүхэлдэйн киноныхонд бүтэшгүй мэт санагдаж байлаа. Гэвч тэгж үзэгсэд цөм буруудаж, Том, Жерри хоёрын тухай хүүхэлдэйн кино 65 жилийн турш 250-ийг хийжээ.
“Puss Gets The Bооt” (“Муур бөгс рүү гээ гутлаар авахуулсан нь” гэж орчуулж болох юм, puss in bооts — гуталт муур, get the bооt —хөөгдөх, хусагдах гэсэн санааг илэрхийлдэг) нэртэй эхний анги нь 1940 оны хоёрдугаар сарын 20-нд гарчээ. Энэ кинонд муур нь Жаспер, хулгана нь Жинкс нэртэй байжээ. Хоёр дахь ангиас нь эхлээд тэр хоёрыг Том, Жерри гэх болсон ч, гадаад байдал нь энэ олон жилийн туршид хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байна.
Эхнийх нь амжилттай болсны дараагаар Ханна, Барбера хоёр 113 ангийг бүтээсэн нь1958 оныг хүртэл кинотеатруудын дэлгэцнээ бүрэн хэмжээний кино үзүүлэхийн өмнө гарч байжээ. Чухамхүү эдгээр ангиуд нь Оскарын шагналыг 7 удаа хүртжээ.
Metro-Goldwyn-Mayer-ийн зургийн тасаг хаагдсаны дараагаар буюу 1960-аад оноос эхлэн бусад студиуд байгуулагдаж эхлэв. Гэвч дахин сэргээж телевизээр дамжуулсан хуучнууд нь шинийг бүтээхээс илүү орлоготой байлаа. Одоо үед эрх нь Warner Brothers компанид хадгалагддаг байна.
“Том Жерри хоёр”-т гардаг ширүүн тэмцлийн баатар Том нь энэ бүх хугацаанд ганцхан удаа үхдэг, Жерри нь бас л ганцхан удаа мууранд баригддаг нь нэг бус удаа шүүмжлэл дагуулжээ. Гэхдээ шүүлтүүрт өртдөг нь Томын эзэгтэй Мамочка-Два-Тапочка юм ( Муур, хулгана хоёр хөөцөлдөн, зодолддог гэрийн эзэгтэй, хар арьстан бүдүүн эмэгтэйг хэлж байна. Орч.) Эхлээд тэр хар арьстан эмэгтэй байжээ. Гэвч 1954 онд арьс өнгөөр гадуурхах явдлыг үндсэн хуулийн эсрэг гэж үзэх болсоноос Томын эзэгтэйг ирланд эмэгтэйгээр сольсон байна. Түүний нүцгэн өсгий, гарын сарвууг цагаанаар дарж будан кино хальсанд оруулдаг байжээ. 12 жил болоод энэ эмэгтэйгээс бүрэн салжээ. Тодруулахад, Мамочки-Два-Тапочкагийн нүүр нь ердөө нэг л ангид харагддаг, зөвхөн энэ шалтгааныхаа улмаас залуу үзэгчид түүний нүүрийг харуулаач гэсэн хүсэлтээ илэрхийлсэн захидлуудаар киностудийг булжээ.
Дүрүүд тамхи татаж, хүүхдүүдэд хорт зуршил сурталчилж байна гэсэн яриа гарсан нь үзэгчдийн онцгой анхаарлыг татлаа. Гэвч британы Boomerang суваг тамхи татаж байгаа хальстай зургийг тайрдаг болж эхэлсэн 2006 оныг хүртэл энэ асуудал тэгтлээ хөндөгдөөгүй байсан юм. Муур, Хулгана хоёр бүхий л амьдралынхаа турш хэлгүй дүрүүд байлаа. Ингээд, зөвхөн “Том Жерри хоёр Кино” нэртэй бүрэн хэмжээний цорын ганц кинонд тэд ярьсан билээ. Энэ кинонд өнчин охин Робин Стралингийг харгис, хомхой халамжлагчаас нь аварч, үхсэнд тооцогдож байсан эцгийг нь олж өгөхийн тулд Том, Жерри хоёр найзалсан тухай гардаг нь шуугиан тарьж борлуулалтын орлого нь едөө л 3.5 сая доллар болсон гэдэг. 2006 онд Film Score Monthly гэдэг газраас Tom and Jerry and Tex Avery Too! Volume 1: The 1950s. нэртэй зургийн цомог гаргажээ. Скот Брэдлийн «Том Жерри хоёр» хүүхэлдэйн кинонд зориулсан 25 дуутай хөгжмийн бүтээл хоёр компакт дискэнд багтсан байдаг.
IGN сайт хүүхэлдэйн энэхүү киног 66 газарт байршуулж, “Шилдэг 100 зургийн шоу”-ны жагсаалтад оруулжээ. 2000 онд Тime сэтгүүл хүүхэлдэйн олон ангит “Том, Жерри хоёр” киног өнөө цагийн телевизийн агуу том үзүүлбэрүүдийн нэгээр зарласан байна.