Үнэгэн лоовуузны тухай домог
Үнэгэн лоовуузны тухай домгийг түр хойш тавиад үнэгний тухай хэдэн зүйл өгүүлсүгэй.
Хаврын адаг сар дундаа орох үед гүүний хээл томорч Бор, адуунаас тэр бүрий холдож чадахгүй болов. Адуу манах ээлж түүнд гурав хоногт нэг удаа ирнэ. Зарим үед ээлжийн адуучдад амь албан ажил гарвал хоёр гурван хоног дараалан адуу манах ч удаа тохиолдоно. Борын адуу манадаг их цастай, ой модтой уулсын хөндийд ойрмогоос үнэг шовширох ай чимээ ихдэж сүүлийн шөнүүдэд үнэгний олноороо уралдан ноцолдох, орилон хөөцөлдөх нь улам олширч шөнөжин Бор, ёстой л үнэгний “үнэгүй чуулга” чагнадаг болов. Үнэгний ороо орохоор эмэгчин үнэгээ дагаж эрэгчин үнэг олноор цуглаж, эр чадалтай азраган үнэг нь эмэгчнээ харамлаж, хүчин дорой буюу тэчъядан шунахын эрхэнд зүрх гарган азрагалагч үнэгэнд халдаж зориглосон бусад үнэгийг хэмхэн ноцохын хирээр шөнөжин ийм хэрүүл уруул болдог ажээ. Үнэгний энэхүү ухаангүй үймээн шуугианаас ажихад нэгэн эмэгчин үнэгэн дээр нэг хэсэг эрэгчин үнэг хуран цугладаг ч биш, харин эмэгчин үнэг нь орооны үед олноор цугладаг, ер нь хичнээн эмэгчин үнэг цуглахын хирээр төдийчинээ эрэгчин үнэг бөөгнөрөх учир шаагисан их дуу чимээ болдог бололтой. Үнэгний орооныхоо үед цугладаг газар гэж байна.