ЭХЛЭЛ
Энэхүү тайлагдашгүй хачин үйл явдал 1969 оны 11-р сарын сэрүү татсан нэгэн бямба гаригийн өглөө Нью-Йорк хотын боомтноос Гавр орохоор бэлтгэж байсан тавин таван мянган тоннын усан түрц бүхий "Бретень" хэмээх зорчигч тээврийн хурдан хөлөг онгоцонд гарчээ.
"Бретень" хөлгийн аж ахуйг эрхлэгч Клод Дессар нь нямбай, ёсорхог хүн агаад захирагдагсадаа өөрийн ихэд эрхэмлэх дуртай "төмөр нударга"-аар удирдана. Арван таван жилийн турш хөлөг онгоцонд алба хаахдаа осолтой, үймээнтэй олон арван төвөгтэй асуудалтай тулгарч явжээ. "Бретень"-ийг францынх гэдгийг эс тооцвол энэ нь үнэхээрийн агуу ололт бөгөед, захирагч дарга нь Дессарын ажлын ур чадварыг өндрөөрүнэлдэг аж. Тэр л нэгэн өдөр арван хар тамаас үгсэн ирсэн ирсэн болов уу гэлтэй мянга мянган чөтгөр шулмууд түүний эсрэг нэгдсэн мэт болсон байна. Америк-Францын Интерполын бригад, хөлгийн аюулаас хамгаалах албаныхан тэр өдрийн болсон үйл явдалд ямар ч тайлбар өгч чадахгүй, байж ядан бажгадаж байхад Дессар франц хүний бардам зангаар нөхцөл байдалд туйлын тайван хандсан ажгуу.
Дэлхий даяар зарлан хашгичиж байсан энэ тайлагдашгүй эмгэнэлт явдалд хутгалдсан хүмүүс нь ил байсан ч гэлээ хэргийн нууц нь хаалттай хэвээр үлджээ.
Клод Дессар эндээс эвтэйхэн зайлж чөлөөнд гарч, Ницад нэгэн зоогийн газар эзэмшин, хааяа нэг сониуч үйлчлүүлэгчид тэрхүү арван нэгдүгээр сарын аймшигт өдрийн тухай хуучилдаг байв.
Эл хэрэг Нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс цэцэг ирснээр бүх юм эхэлсэн мэт Клодад санагддаг аж.