1. Шyypra
19... оны долдугаар сард Шинэ Английн хойд хэсэгт түүний түүхэнд урьд өмнө байгаагүй аймшигт халуун өдрүүд өнгөрч, харин араас нь урьд өмнө үзэгдээгүй ширүүн догшин шуурга орж ирсэн юм.
Бид Лонг-Лэйк нуурын эрэгт амьдардаг, тиймээс ч нар жаргахын яг өмнө салхи нуурын усыг бужигнуулж эхлэхийг хамгийн түрүүнд харцгааж билээ. Үүнээс цагийн өмнө ямар ч салхигүй нам болов. Аав маань бүр 1936 онд завиныхаа саравчны дээр зоосон Америкийн далбаа доош ямар ч хөдөлгөөнгүй унжин, бүр зах нь ч дэрвэхгүй байлаа. Маш халуун, бараг л гараар бариад авмаар бүгчим, нуурын тохойн усан дотор ч ийм л халуун байгаа гэж бодогдоно. Үдийн хоолны дараа бид гурав усанд орохоор явсан ч бүр гүнд л шумбахгүй бол сэрүүцэх ч аргагүй байлаа. Харин би ч, Стефф ч үүнийг хүссэнгүй. Хэргийн учир Биллид байгаа юм. Тэр дөнгөж таван настай. Тав хагаст бид нуур сайхан харагддаг сүүдрэвчиндээ сууцгаан оройн хоолоо идэж эхэллээ. Оройн хүйтэн хоол төмсний салат, гахайн махтай талхаа бид ямар ч сонирхолгүй зажилцгааж суулаа. Мөстэй хувинд хийсэн хэдэн лааз пепси-коланаас өөр юм хэн ч хүссэнгүй.