ГУЛАГ олтриг (орос. Архипелаг ГУЛАГ) нь Александр Солженицыны роман юм.
Олтриг гэдэг нь эх газраас далайгаар тусгаарлагдсан, олон арлын нийлбэрийг хэлнэ. Зохиогч үүнийг Оросын шоронгуудыг, түүний цар хүрээг, хэрхэн улсын цаадах улс болсныг төлөөлүүлж энэ нэр томъёог ёгт утгаар авч ашигласан бололтой.
1945 оны 2 сард, Дэлхийн хоёрдугаар дайн дуусах дөхөж байхад Солженицын Сталиныг шүүмжилсэн захианаасаа болон баривчлагдсан ба ЗХУ-ын тухайн Эрүүгийн хуулийн 58-р зүйлээр төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж яллагдан 8 жил ГУЛАГ-ийн шоронд хоригдож, дараа нь 3 жил цөлөгдсөн. Сүүлд нь Сталин нас барсны дараа өршөөлийн хуулинд хамрагдан бүрмөсөн "жинхэнээсээ" суллагдсан. Уг номыг нууцаар 1958-68 оны хооронд Солженицын бичиж дуусгасан ба энэ хооронд КГБ-ынхэн хэд хэдэн ч удаа энэ номыг олж авах дөхсөн юм. Хэдийгээр Солженицын энэ номоо эхлээд Орост хэвлүүлэхийг хүсч байсан гэдэг ч нөхцөл боломж олдохгүй байсан тул 1968 онд хальсанд хувилан Герман руу нууцаар хил давуулан, тэнд анх хэвлэгдсэн гэдэг. Хэвлэгдсэний дараа маш том дуулиан дэгдэж байв. Солженицын 1970 онд энэ бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн.
Александр Солженицыны бүтээлүүд, ялангуяа энэ зохиол нь хориотой байсан бөгөөд 1991 оныг хүртэл Орост орос хэлээр хэвлэгдээгүй. Гэсэн хэдий ч бичгийн машинаар цохисон гар бичмэл Зөвлөлтийн уншигчдын дунд 1974 оны өвлөөс тархаж эхэлсэн гэдэг. Тэр үед Зөвлөлтийн уншигчид уг гар бичмэлийг уншихад 24 цагийг бие биедээ өгдөг байв. Ингээд уншихын тулд бүтэн 24 цаг, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, шөнө нь бүдэг гэрэлд уншаад, маргааш нь энэ бичмэлийг дараагийн хүнд дамжуулж өгөх ёстой байв. Тиймээс хүмүүс хэнээс уг гар бичмэлийг авсан, дараа нь хэнд өгснөө олон жил өнгөрсөн ч марталгүй санасаар байна гэдэг гэнэ.
Оросууд энэ зохиолд маш хүчтэй хариу реакц үзүүлсэн. Учир нь энэ бүтээлийг бичсэн зохиолч нь нэгэн зэрэг маш алдартай бөгөөд түүний хамтаар хориотой байв. Энэ явдлаас 12 жилийн өмнө 1962 онд Солженыцин онцгой боломж хүртэж, Зөвлөлтийн шоронгийн талаар албан ёсоор хэвлэгдсэн ном бичсэн анхны бөгөөд сүүлчийн зохиолч болсон юм. Тэр жил Сталины дараах мөс ханзрах оргил үе байсан бөгөөд Зөвлөлтийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущев Сталиныг тахин шүтэх үзэлд хариу цохилт өгөх улс төрийн зорилгын үүднээс өөрийн биеэр Солженицыны "Иван Денисовичын амьдралын нэг өдөр" гэдэг номыг хэвлүүлэх зөвшөөрөл өгсөн юм. Уг ном нь Солженицыны өөрийнх нь хувийн амьдрал дээр тулгуурласан бөгөөд Иван Денисович хэмээх ГУЛАГ-ийн тоосго өрөгч нэгэн хоригдлын амьдралын энгийн нэгэн өдрийн тухай өгүүлдэг. 1962 онд хэвлэгдсэн тэр бүтээл нь маш их дуулиан тарьсан юм. Тухайн үед өмнөх үеийн дарангуйллын тухай ерөнхийд нь тойм байдлаар, бүрхэг өгүүлсэн бусад зохиол бүтээлүүдээс Иван Денисович зохиол маш тодорхой, хурц байснаараа ялгаатай байв. Энэхүү бүтээлийн дүрүүдийн шаналал, зовлон нь ямар ч утга учиргүй. Тэдний хийдэг ажил нь уйтгартай, утга учиргүй тул тэд ажил хийхээс зайлсхийдэг байв. Тэд шоронгийн сланг, хэлц үгсээр, өөр хоорондоо бүдүүлэг харилцаж байв. Зохиолын төгсгөлд нам ялж, коммунизм мандадгүй. Ийнхүү үнэнээр нь, шулуун шударга байдлаар өгүүлсэн нь тэр үеийн ёс суртахууны тухай зохиолууд, социалист реализмаас эрс ялгагдаж, түүнийг маш олон хүн бишрэн хүндэтгэж, тэр дундаа өмнө нь шоронд байсан маш олон хүн түүнрүү захиа бичсэн.
Энэ бүтээл нь хэвлэгдээд дэлгүүрт очмогц л дорхноо дуусаж, дахин дахин хэвлэгдэж байв. Солженицыны үнэнээр нь хэлсэн нь түүнд олон хүндэтгэгчийг авчрахын хамт түүнийг үзэн ядсан, буруушаасан эсэргүүцсэн олон хүнийг мөн далласан. Уг ном нь хэвлэгдсэнээс хойш сарын дараа ЗХУ-ын зохиолчдын холбооноос түүнийг шүүмжилж, буруушааж, шүүмжлэгчид түүний бүтээлийг дэндүү хар бараан, ёс суртахуунгүй гэж шүүмжилж байв.
Энэ бүхний дараа КГБ түүнийг мөрдөх болж, нэг удаа Солженицын өөрийн хувийн архиваа хүртэл хулгайд алдаж, түүний эхнэр нь ажлаасаа халагдсан. Түүнийг алхам тутамд нь мөрдөж байсан тухай тайлан саяхан 21-р зуун гарсны дараа л нийтэд ил болсон байна. Зарим тохиолдолд түүний асуудлаар ЗХУ-ын улс төрийн зөвлөл (Политбюро) хүртэл хуралдаж байсан.
Оросын ГУЛАГ-ийг Сталин 1940-өөд онд биш харин бүр Ленин анх санаачилж, анхны гулагууд бүр 1920 оноос эхтэй гэдгийг Солженицын үзүүлсэн. Барууны орнууд Оросын шоронгийн байдлын талаар гадарладаг байсан хэдий ч ийм түвшинд ийм байна чинээ огтхон ч санаагүй тул барууныхан анх Солженицыны бүтээлийг уншаад итгэхгүй, гайхаж байсан гэдэг. Гайхах ч хэрэггүй биз, барууныхан бүү хэл оросууд өөрсдөө цочролд орсон юм.
ГУЛАГ олтриг нь Оросын түүх, гэхдээ өөр нэг, жинхэнэ болсон явдал, жинхэнэ түүх, ямар нэг товчоогоор батлагдаагүй, янз бүрийн нэр хаяг зүүгээгүй, өөрчлөгдөөгүй жинхэнэ түүхийг өгүүлснээрээ онцлогтой.
Гэхдээ ГУЛАГ олтригийг түүхийн ном гэж үзэж болохгүй. Учир нь энэ бүтээлтийг бичихдээ Солженицын албан ёсны эх сурвалж, архив ашиглах бололцоо бага байсан. Гэсэн хэдий ч тэр уг бүтээлээ өөрийн туулж өнгөрүүлсэн биеэр мэдсэн, харсан түүх, түүний хамт уулзсан хүмүүсийн ярьсан, ам дамжсан сонссон зүйлс, 227 хүний гэрчийн мэдүүлэг, захидал, албан ёсны зарим тоо баримтууд, хэвлэгдсэн ном зохиол, сонин сэтгүүлийн материалуудыг ашигласан. Гэхдээ энэ нь нөгөө талаар уран зохиол, санаанаас зохиосон буюу уянгын хэтрүүлэгтэй бүтээл биш юм. Тийм ч учраас үүнийг "үгчилсэн зохиолын мөрдөн шинжлэх туршилт" (an experiment in literary investigation) хэмээн тодорхойлж байгаа нь оносон бололтой. ГУЛАГ ольтриг нь гурван зузаан боть номноос бүрдэх бөгөөд тэдгээр нь нийтдээ 7 хэсгээс бүрдэх ба маш олон бүлэгтэй. Нийтдээ А5 хэмжээтэй 1800 орчим хуудас зохиол юм.