НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Америго Бонасера төрсөн охиныг нь зэрлэгээр тамлаж, дээр нь бас бузарлахыг оролдсон танхай этгээдүүдийг шүүн тасалж, зохих цээрлэл үзүүлэхийг хүлээгээд Нью-Йорк хотын эрүүгийн шүүхийн гуравдугаар тасагт зогсож байлаа.
Ихэмсэг бардам шүүгч хэрэгтний сандал дээр суух хоёр залууг өөрийн биеэр залхаах гэсэн юм шиг хар жанч нөмрөгийнхөө ханцуйг шамлах нь нэн сүртэй харагдана. Түүний дүнсгэр царайд үзэн ядах дээрэнгүй байдал царцсан хэдий ч цаанаа нэг л хуурамч өнгө цухалзаад байгааг Америго Бонасера оюунаараа биш ч дотоод сэтгэлээрээ мэдрээд байв.
- Та нар ёстой адгийн шаар шиг авирласан гэж шүүгчийн ширүүн зандрахад: «Яг тийм, яах аргагүй үнэн. Нээрээ л адгуус малнууд» гэж Америго Бонасера дотроо бодно. Гялалзтал тосолсон үсээ сүүлийн үеийн загвараар засуулсан тэр залуус савандаж угаасан гөлчгөр нүүрэндээ гэмшсэн дүр эсгэн уруу царайлж толгой гудайх ажээ.
- Та хоёр хээрийн зэрлэг араатан шиг авир гаргасан, гэвч тэр хөөрхий бүсгүйн нэр төрийг гутааж амжаагүй нь аз чинь болж. Хэрэв тиймгүйсэн бол би та нарыг хорь хорин жилээр хорих байсан юм гэснээ хэсэг дуугүй болж, сүртэй гэгч нь зангидсан хөмсөг дороосоо үнэгэн зальтай харцыг Америго Бонасерагийн хувхай цайж шарласан нүүрэнд нэг түрхээд авснаа зүй ёсны уур хилэнгээ барьж ядах мэт мөрөө хавчиж духаа улам үрчийлгээд: Гэвч та хоёрын хиргүй тунгалаг, гэнэн залуу нас, буянтай эцэг эхийн чинь нэр төрийг бодоод, бас дээр нь маргашгүй мэргэн хуулиа баримтлаад би та нарыг тус бүр гурван жил тэнсэн харгалзах ялаар шийтгэж байна хэмээн үгээ төгсгөв.