«Шидэт хүүрийн үлгэр» нь угийн энэтхэг гаралтай эохиол юм. Энэ үлгэр Энэтхэгийн санскрит болон бусад хэлээр «Виталийн хорин таван үлгэр» нэртэй байдаг ажээ. Энэтхэгийн ямар нэг хэлээс төвдөд орчуулсан бололтой. «Шидэт хүүрийн үлгэр» Монголд аль хэдийн дэлгэрч зарим бүлэг нь ардын аман зохиол болж хувирсан байна. Үүнд: «Цэцэн туулайн үлгэр»-ийг дурдаж болно. Энэ үлгэрийг Дорж мэйрэн найруулан засаад «Туулай, төлөг, чоно гурвын үлгэр» нэртэй бичгийн зохиол болгосныг бид бэлхнээ мэдэх билээ. Түүгээр үл барам монгол аман зохиолын түүвэрт Шидэт хүүрийн үлгэр»-ээс авсан бололтой зүйл олон байдаг.
Монгол шидэт хүүрийн 26 үлгэрийг 1928 онд Улаанбаатарт хэвлүүлжээ. Мөн энэ 26 үлгэрийг 1957 онд хуулан Хөх хотод хэвлэсэн байна. Бас манайд шидэт хүүрийн үлгэрийг орос хэлээр хоёр удаа (1923 онд Жамсраны Цэвээн, 1959 онд Бямбын Ринчен) хэвлүүлжээ.
Бээжингийн монгол бичгийн хорооноос Харчины Тэмээт «Шидэт хүүрийн цадиг» хэмээх нэрээр 14 үлгэр хэвлүүлсэн нь бий.
Орос болон Европт «Шидэт хүүрийн үлгэр»-ийг сонирхон орчуулж судлах хэвлэх ажил мөн л эрт эхэлжээ. Академич профессор Ц.Дамдинсүрэнгийн судалгаанаас иш татвал 1802–1803 оны үед В. Бергман «Шидэт хүүрийн үлгэр»-ийг халимагаас германд 1860 онд профессор Голстунский мөн үлгэрийг халимаг хэлээр тод үсгээр, 1866 онд Б. Юльг халимаг герман хэлээр, 1865–1868 онд Буриад лам Гомбын Галсан орос хэлээр орчуулж хэвлэсэн. 1868 онд Б.Юльг мөн үлгэрийн 9 бүлгийг герман хэлээр дахин хэвлэсэн ажээ. Эдгээр орчуулга болон хэвлэл бүрэн сайн болж чадаагүй олон дутагдалтай байжээ.