Нэгдүгээр бүлэг.
1992 оны 9-р сарын 10 Пүрэв гариг. 20 цаг 00 минут
"Боинг-727" онгоц зах хязгааргүй үргэлжлэх тэнгисийн дээгүүр хөшиглөх өтгөн хар үүлэнд далдран оров. Хүчирхэг хөдөлгүүртэй онгоц, муухай аашлах тэнгэрт яг л мөнгөлөг цагаан бяцхан өд аятай үзэгдэнэ.
Гэнэт онгоцны чанга яригчаар хөлгийн даргын сандруу дуу гарав.
-Хатагтай Камерон! Та хамгаалалтын бүсээ бэхэлсэн үү?
Хариу алга байсанд хөлгийн дарга дахин,
-Хатагтай Камерон... Хатагтай Камерон! гэв.
Хүүхэн нүдээ алгуур нээж,
-Бэхэлсээн гэлээ. Жаргалтай сайхан өнгөрсен үеээ дурсан, алсад тэнүүчлэн байсан бодол санаа нь эргэн бодит байдалд шилжихэд түүнд их л хүнд байх ажээ.
-Та айгаагүй биз? Аянгын өтгөн хар үүлнээс мөдхөн гарна.
-Рожер оо, миний бие тун сайн байна. Санаа бүү зов хэмээн хатагтай Лара Камерон хариу өгүүлэв.
Хэрэв онгоц газарт хэмх уначихгүй, бидэнд аз дайрвал тэр шүү хэмээн Лара боджээ. Тэгвэл мөн ч тааламжтай төгсгөл болж, бүгд л хаа нэгтээ, хэн ч мэдэхгүй газар үнсэн товрог болох биз. Хувь заяа гэсэн бодол түүний санаанд гялсхийн ороод гарав. Хувь заяатайгаа бүү арсалд. Жилийн өмнө болсон тэр нэгэн явдал урьдаас таахын эцэсгүй эргэлт болж, амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, Ларад хамаг байдагаа алдах аюул заналхийлсэн юмсанж.