НИГҮҮЛСЛИЙН АЧ ТУС
Миний амьдралын бодлого, туршлага бол бусдаас нэг их онцгойлон ялгараад байхааргүй жирийн л нэг хүмүүний туршлага лугаа адил билээ. Гэвч Буддын шашны эрдэм боловсролын үр дүнд миний бие нигүүлслийн тухай бага сага зүйлийг ойлгон мэдэрч, хүнлэг энэрэнгүй зан чанарыг өөртөө хөгжүүлснээр эдгээр зан чанар нь миний өдөр тутмын амьдралд ихээхэн ач тусаа өгөх болсон юм. Миний төрж өссөн Түвдийн Амдо мужид оршин суугчид ихээхэн тэвчээр муутай, дүрсхийсэн зантай гэдгээрээ алдартай билээ. Хэрэвзээ хэн нэгэн түвд хүн уур уцаар болох юм бол ойр тойрны хүмүүс нь түүнийг гомдоосноос гарцаагүй гэж үзэх нь бий. 15-20 нас хүртэлх зан байдлаа одоогийнхтой харьцуулахад би ихээхэн өөрчлөлтийг харж байна.
Эдүгээ би ер уурлаж уцаарлахаа больсон бөгөөд хэрэв ийм зүйл тохиолдлоо гэхэд энэ бүхэн маш хурдан өнгөрдөг болсон. Энэхүү гайхамшигт амжилтанд би өөрийн боловсрол хийгээд оюун санааны дасгалыг хийснээр сэтгэл санааны тайван байдалд үргэлж байх болов. Би эх орноо алдаж, харийн хүмүүсээс бүрмөсөн хараат байх хувьтай аж. Мэдээж хэрэг алдсан зүйл байлгүй яахав. Ээж минь насан эцэслэж, миний багш лам нарын ихэнх нь насан өөд болжээ. Энэ бүхэн ихээхэн гунигтай хийгээд тэднийг эргэн дурсахад надад маш хүнд байдаг. Гэвч гуниг зовлон намайг үл удирдана. Хуучны танил царайнууд үгүй болж шинээр хүмүүстэй танилцах бүрийд би урьдын адил аз жаргалтай амар тайван байдлыг өөртөө хадгалж үлддэг болов. Болж буй зүйлийг өргөн утгаар авч үзэх чадвар нь бусдад энэрэнгүй хандаж, бидний нигүүлсэх чадварын үндэс суурь болдог хэмээн би үзэж байна.