Өнөөдөр сургуульдаа очсонгүй. Очих нь ч очсон л доо, гэхдээ л багшаас чөлөө гуйх төдийгөөр хязгаарлав. Аавын зурвасыг багшид өгч чөлөө авсан юм. Аав тэрүүхэн алгын чинээ бичигтээ "ар гэрийн шалтгаанаар" гэсэн учир начир өгүүлэх төдий юм бичээд намайг чөлөөлж өгөхийг хүссэн юм. "Юу тохиолдов хүү минь" гэж багш асуувал "албан татлагад дуудсан гэл үү" гэж аавыг нэг ажилд дуудсан ухааны юм ярих гэтэл багш элдэв таван үггүй тэр дөр нь явуулав.
Би гараад шууд манай дэлгүүрийг чиглэсэн билээ. Аав тэнд байх учиртай байв. "Түргэлж үзээрэй, чи надад хэрэгтэй болно шүү" гэсэнд нь би шуурхайлахыг хичээв. Үнэхээр л миний хэрэг гарсан тул шулуухан чөлөө гуйсан бололтой. "Замд одохоос өмнө дэргэдээ байлгамаар байна" гэж хэдэн хоногийн өмнө ээж рүү утасдахдаа миний тухай үг унагааж байсныг би санах юм. Пүрэв гараг байсан билээ. Уг нь пүрэв гараг, мөн бүтэн сайн өдрийн үдшийг би ээж дээр өнгөрүүлдэгсэн. Тэгээд бодвоос ээж намайг асуухад "үгүй энэ удаа Дюркаг явуулмааргүй байна" гээд тэр өөрийгөө удахгүй явах мэтээр учирласан байх. Тэгээгүй ч байж болох юм. Одоо бүү мэд дээ. Шөнө агаарын аюулын тохио тувт хангинасаар олигтойхон ч унтаж чадаагүй тул нойр хүрээд байв. Тийм учраас аав яг тэгж ярьж байсныг санах төдий ч чухам хэдийд билээ гэдэг нь толгойд орж ирэхгүй байлаа. Ер нь тэгээд ээжид ч тэгсэн юм уу бүү мэд. Яах аргагүй л удахгүй явах тухай ярьдаг болсон билээ.