I бүлэг. ЭЛЧ
Анагаах ухааны бакалавр Питер Блад гаансаа баагиулж, Бриджуотер хотын Уотер Лейний гудамж руу харсан өрөөнийхөө цонхны тавцан дээр тавьсан ваартай шимтэглэй цэцэгний дээрээс тонгойсон байлаа.
Гудамжны эсрэг талын цонхоор хэн нэг хүний ширүүн харц өөрийг нь зэмлэнгүй мөшгиж байгааг Блад анзаарсангүй. Түүний анхаарал арчилж буй цэцгэнд төвлөрч, нарийн гудамжийг дүүргэсэн хүмүүсийн эцэс төгсгөлгүй цуваа анхаарлыг нь хааяа сарниулна.
Хүмүүсийн цуваа тэр өглөө герцогийн найрагч Фергюсен бурханыг магтахаас илүүтэйгээр үймээн самуунд уриалан дуудсан залбирлаа саяхан үйлдсэн цамхагийн өмнөх талбай руу хотын гудамжаар хоёрдахь удаагаа хөвөрч байгаа нь энэ ажээ.