Хойд Солонгосын амьдралын үнэн нүүр царайг нүдэнд харагдтал тод томруун дүрслэн үзүүлсэн энэ ном орчин үеийн сэтгүүл зүй, non-fiction буюу баримтат утга зохиолын сонгодог жишээ гэгдэхүйц үнэ цэнэтэй бүтээл болсны дээр дарангуйлагч дэглэм, бурангуй үзэл сурталд гинжлэгдсэн бүхэл бүтэн ард түмний эмгэнэлт хувь заяаг дэлхий нийтэд дэлгэснээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Хувь хүний төдийгүй үндэстэн угсаатны эрх ашгийг уландаа гишгэсэн нийгмийн харгис тогтолцоо хүний сэтгэх хийгээд эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзэл бодлыг ч арчин үгүй хийдгийг хирдхийм хурц жишээнүүдтэй та энэ номын хуудас бүрд тулах болно. Эндээс бид өөрсдийнхөө түүхийн мартах ёсгүй цаг үеийг ч ахин санаж, тийм тогтолцоо өнөө хэр амь бөхтэй оршсоор буйг, тийм нийгмээс үлдсэн сэтгэлгээ өдгөө хүртэл бүрэн арилаагүйг мэдрэх бизээ. Иргэдээ ядуу, хүлцэнгүй, мэдлэггүй, хязгаарлагдмал, гар харсан нөхцөлд байлгах сонирхол чухам дарангуйлагч, бурангуй засаг төрд л байдаг. Иймэрхүү харанхуй дорд байдал нь, нөгөө утгаараа, өлсгөлөнд нэрвэгдсэн, соёлт хүн төрөлхтөнөөс тусгаарлагдсан хөөрхийлөлтэй энэ оронд ч бус, өнгөн талаасаа нээлттэй мэт харагдагч манай өнөөгийн утаатай нийгэмд ч нүүрлэсээр буйг олж харах шижмийг нээсэн нь уг бүтээлийн далд нэгэн чухаг тал юм.